Tuesday, August 10, 2010

Кино: Prison Break


Кино:  Prison Break 
2005 оноос эхэлж гарсан энэхүү киног саяхан олж үзлээ. Уг нь өмнө нь манай монголын телевизүүд дамжуулж гаргадаг байсан бөгөөд харамсалтай нь төдий л нухацтай тулж үзэж байсангүй. Энэхүү киноны эхний хоёр ангийг олж үзээд үнэхээр гайхалтай шилдэг кино болохыг мэдэрсэн юм. Бүр анх гарахаас нь үзэхгүй сүүлд нь хоцорч хэдэн жилийн дараагаас үзсэндээ харамсаж суулаа. Гэхдээ л нэтээс бүх бүлгийг нь татаж аваад үзэж эхэллээ. Үнэхээр гайхалтай. Киноны гол дүрийн баатар  бол Майкл Скофийлд хэмээх барилгын инженер залуугийн тухай юм. Түүний төрсөн ах Линколн-ыг хүүхэдээр нь барьцаа тавьж хүчээр нэгэн хэрэг хийлгэдэг байна. Гэвч тухайн хэргийг Линколн биш өмнө нь тусгай улс төрийн холбогдолтой бүлгийнхэн зохион байгуулж, Линколныг дэд ерөнхийлөгчийн дүүг алсан хэрэгт унагадаг. Тэрхүү зохион байгуулагч гэмт этгээдүүд нь дэд ерөнхийлөгчийн захиалгаар хийсэн бөгөөд дэд ерөнхийлөгчийн дүү нь хөдөө нэгэн байшинд нууцаар орогнон амьдарч байдаг. Шүүхийн шийдвэр мэдээж Линколнд цаазаар авах ял оноон Fox River хэмээх шоронд хорихоор шийдвэр гардаг. Шүүхийн танхимд ахтайгаа уулзахдаа ахыгаа гэм буруугүй болохыг дүү Майкл мэдэж ахыгаа хүнд байдлаас гарган авахын тулд гэртээ төлөвлөгөө боловсруулдаг. Тухайн шоронтой холбоотой бүх мэдээ мэдээлэл, шоронгийн дарга, эмч, хоригдлууд ямар хүмүүс байдаг тэдгээрийнс сул тал тэдгээрийг хэрхэн ашиглаж болох талаар, хүнд хоригдлууд хэн хэн байдаг тэдгээрийг хэрхэн ашиглаж болох мөн барилгын зургийг нь авч хэрхэн яаж ямар хоолойгоор дамжин оргох боломжтой талаар бүрэн дэлгэрэнгүй төлөвлөгөөг богино хугацаанд өдөр шөнөгүй суусаар зохиодог. Зохиосон төлөвлөгөөгөө бүгдийг толгойдоо хийн цээжлэн орох боломжгүй байлаа. Төлөвлөгөөгөө боловсруулах явцдаа тэрээр гаднаас хоол захиалан иддэг байсан бөгөөд нэгэн өдөр хоол авчирсан хүн биен дээрээ шивээс хийлгэсэн байхыг олж хардаг. Үүнээс санаа аван бүх төлөвлөгөөгө бие дээрээ шивээс  хэлбэрээр зурж чадвал төлөвлөгөөгө мартахгүй төлөвлөгөөний дагууажиллах боломжтой болохыг олж мэддэг. Улмаар шивээсийг битүү утгатай далд хэлбэрээр төлөвлөгөөгөө зуруулж хийдэг. Ингээд банкинд орж банк дээрэмдэх хэлбэрээр гэмт хийрэг үйлдэж шоронд ордог. Мэдээж тухайн хотын шүүх гэр бүлтэй нь ойролцоох шоронд Майклыг хорихоор болж ахын байгаа Fox River шоронд хоригдохоор явдаг.Ингээд адал явдал эхэлнэ дээ.... Уг киноны явцад Майкл маш олон бэрхшээлтэй тулгардаг. Тэдгээрийг хэрхэн оюун ухааны тусламжтайгаар сэтгэж зохицуулж аргалж байгааг кино харуулдаг. Нэг ёсондоо хүний оюун ухааны чадвар ямар агуу вэ гэдгийг харуулсан кино. Тиймээс хэрвээ та бүрэн гүйцэд үзэж амжаагүй бол заавал үзэхийг танд зөвлөж байна. 

Monday, August 9, 2010

МОНГОЛЫН ДАЙСАН №1 АРХИ

МОНГОЛЫН ДАЙСАН №1 АРХИ
Монгол орон тэр чигээрээ хайртай хүмүүсээ архинд алдсаар байна. Дэлгүүрт орж үзэхэд хамгийн олон нэр төрөл, тоо ширхэгтэй нь архи байна. Хамгийн олон зар сурталчилгаа хаяг рекламтай нь бас л архи байдаг. Бидний өвөг дээдсийн бахархал болсон Чингис хаанаа хүртэл архин дээр нэрлэчихсэн байдаг. Гэтэл архинаас үүдэлтэй аймшигт, хэрцгий, жигшүүрт хэрэгүүдийг нэрлэвэл асар их байдаг. Хамгийн гол нь Монгол хүмүүс ухаан муутайдаа архинд орсоор байна. Заавал хүнээр –Архи битгий уу, - Архичин минь битгий ахиж ууж байгаа ч гэх мэт үгийг олон дахин хэлүүлэх шаардлага байх хэрэг байна уу. Архи уусан хүмүүсийг харахад нэг л сайхан ааш нь хүрсэн юм шиг л - Миний дүү, Миний найз, Миний багын найз, Миний муу ганц найз гэх мэт сайхан үгийг асгаруулах шиг л болдог. Гэвч энэ нь үнэн эсэх нь юу л бол. Хэсэг хугацааны дараа хамт буй эсрэг хүнээ үгээр өдөж, хамаг муу үгээр хийлцэж эхэлдэг. Энэ бол ухамсар дорой Монгол хүний нэр хүндийг унагаж буй хүмүүсийн гаргадаг зан араншин. Монголчууд бид, үндэсний үйлдвэрүүд бүхэн архины оронд айраг ихээр үйлдвэрлэж худалдмаар юм. Ажил төрөл эрхэлж цалин буухад заншил, заавал хийх ёстой ажил мэт кафе бар, караокед уусаар суудаг. Арай гэж олсон мөнгөө гэр бүлдээ, хүүхэд, эцэг эх, хань ижилдээ тэжээллэг хоол авч гэртээ харимаар юм. Монгол хүний бас нэг дутагдал бол уухаараа тохируулж ууж чаддаггүй, заавал даварж бүр хүнд байдалд хүрэн хүртлээ уудаг. Архи гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвддэг. Хэдэн жилээр шоу нэрийдлээр архи ууж баясан цэнгэж жаргал хөөдөг Монголчууд бид хэзээ архинаас уйдах юм болоо. За ингээд архины талаар яриад байвал муу бүхнийг тоочоод дуусашгүй юм. Энэхүү бичиглэлийг хийхэд хүртэл сэтгэл санаа нэг л гундуу, уйтгартай болоод нэг ёсондоо өөрийнхөө энергиэ муутгаж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Жаргал даахгүй хүн архинд ордог болов уу. Эцэст нь хэлэхэд архинд орох эсэх нь ХҮН ТАНЫ УХАМСАР л бүхнийг харуулж байна. 

Day3. Кино театр №1


Day 3. Кино театр №1
Найзтайгаа кино үзэхээр билет авч кино театрт очлоо. Үүдэнд хүлээлгийн хэсэгт суух явцад хүмүүс бүгд л хосоороо, хамт олноороо бужигнаж л байлаа. Попкорн зардаг хэсгээс хүмүүс бүгд л кола, попкорн авч байв. Би ч найзтайгаа ICE TEA-ийн цай авч ууж суув. Ингээд кола, попкорны талаар бодол төрсөн. Миний хувьд багадаа шарлаж эмнэлэгт хэвтэж байхад эмч нар бүгд л өнгөгүй зүйл хэрэглэ гаазтай зүйл хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг байсан. Гэтэл Кола дээрх хоёр шинжийг хоёланг нь хадгалсан байв. Тэрхүү гүн хар өнгийг хүний элэг шингээх шүүх гэж ямар их ачаалал болдог бол гэсэн бодол төрлөө. Ядаж газтай ундаа уух дуртай байлаа гэхэд залуусдаа хандаж Спрайт /өнгөгүй тунгалаг/ уугаасай гэж хүсч хэлмээр санагдлаа. Попкорны тухайд. Хүмүүс бүгд л ажил, гэр, гадаа гудамжнаас орж ирэн хүний нүдэнд үзэгдэхгүй хиртэй бохир нян тээсэн гараараа ямар ч тоосон шинжгүй Попкорн авч идэж байх юм. Кино үзэхдээ хүртэл. Энэ нь мөн зэрэгцээ суугаа хүмүүст төвөгтэй санагддаг л байх. Ер нь кино үзэхэд анхаарлаа төвлөрүүлж үзсэн шиг үзэх ёстой байтал хаанахын хэн гэгч энэхүү попкорн, кола заавал идэж уух ёстой мэт зохиодог байнаа. Боломжтой бол гэрийн театр авч кинондоо төвлөрч анхаарлаа хандуулан үзмээр санагдлаа/ Бохир хир хүний амаар орсон удаа дараагийн тохиолдол тань улмаар элэгийг тань шарлуулах аюултай. Монголчууд бидний дийлэнх нь тулгардаг өвчин элэг шүү дээ. Бүр амар мэндээ мэндэлцэхэд хүртэл Элэг бүтэн үү гэж мэндэлдэг. Тиймээс кино үзэхдээ хүртэл. Нэг бодлын ядаж попкорн идэхийн өмнө гараа нойтон сальфетикаар /ядаж/ цэвэрлэж арчих хэрэгтэй баймаар юм. Эсвэл CINEMA театрууд попкорноо дагалдуулж нойтон сальфетик яагаад зардаггүй юм бол. Ингээд хүсэн хүлээсэн кино эхлэх дөхөж үзэгчдийг заланд орохыг зарлалаа. Заланд орж сууж хэсэг хугацааны дараа кино эхэллээ. Ингээд гоё киногоо амттайхан шиг нэг сайхан үзээдхэе хэмээн бодон сууж байтал /кино эхлээд аль хэдийн 10мин өнгөрсөн байв/ хоцорсон хүмүүс ар араасаа цувран орж ирж байв. Бүр хоцорсон бусдын анхаарлыг алдагдуулж байгаагаа тоосон шинжгүй орж ирж байгаагий нь. МОНГОЛЧУУД БИД ХЭЗЭЭ ЦАГАА ЦАГАА БАРЬЖ СУРАХ ВЭ? JUST IN TIME. Кино эхлэхэд хаалгаа шууд барих дүрэмтэй болох хэрэгтэй мэт санагдаж байна. Хоцорсон иргэдийг шууд маргаашийн кино цаг руу шилжүүлдэг ч юм уу ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодогдож байна. За ингээд кино театрын талаар хэсэг нүдэнд харагдаж мэдрэгдсэн засах шаардлагатай зүйлсээс бяцхан түүвэрлэлээ. Манай кино театрууд ч ууг нь үнэхээр гоё. Дэлхийн хэмжээний кинонуудыг удалгүй оруулж ирдэг, үзэхэд үнэхээр кайфтай залуус бидний цагаа зөв боловсон өнгөрүүлэх МАШ цөөхөн газруудын нэг шүү дээ. Монголын маань Кино театрын хөгжил улам цааш хөгжих болтугай.

Day2. Гүйлт №2


Day2.  Гүйлт №2
Тогтмол ус амархан муудаж урсгал ус цэнгэг байдаг. Тэгэхээр хөдөлгөөн бол зайлшгүй эрүүл мэндийн үндэс юм. Долоо хоногийн ажлын өдрүүдэд орой харьсны дараа хоолоо хийж идээд хэсэг амарсны дараа /min=1цагийн дараа/ оройд нь гүйхээр гардаг боллоо. Орой гүйхэд нэг бодлын хүмүүс цөөхөнтэй олны анхаарал татахгүй байх боловч замын харагдах байдал энхэл донхолоо сайн харж гүйх хэрэгтэй байв. Гэвч нэг замаар олон гүйгээд ирэхээр хаана ямар өнцөг булан, овойсон товойсон газраа мэдэрдэг боллоо. Мөн гүйлтийн тойргоо нар зөв тойрон гүйж заншив. Зөв бодол зөв үйлдэл бүхэн биенд минь энерги авчирж төлжүүлж байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг болов. Гүйлт хийх эхний үед сорьж буй мэт биенд ядрах, залхах мэт бодол мэдрэмж төрж эхэлсэн. Гэвч нэгэнт гүйнэ гэж шийдсэн, амьдралд шинэчлэлт хийхээр эхэлсэн тул энэхүү түр зуурын сорилт болсон бодлыг ур мөргүй арилгаж гүйсээр байлаа. Удалгүй гүрийж хэсэг гүйсний дараа амьсгаа задрах эхний байдал мэдрэгдэж бие минь нэг л хөнгөн өшөө их гүйх боломжтой мэт сэтгэгдэлтэй болсон. Мөн гүйж буй эргэлтийн тойргоо тооцоход өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрлөө. Ер нь гүйсэн өдрүүддээ хамгийн дээд тал нь 7-н тойрог буюу 2450м орчим замыг туулж байлаа. Энэ амжилтаа дараа дараагийн гүйлтээс өсгөх бодолтой байгаа ингэж гүйсээр өөрийн зохих тохиромжтой замын уртыг тооцох хэрэгтэй гэж бодож байна. Оройд гүйхэд өдөр хуримтлагдсан ажлын стресс, ачаалал бүхэн биенээс гарч нэг ёсондоо биеийн хөдөлгөөний тусламжтайгаар бүх хорт зүйлсийг шатааж үгүй хийж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Ингээд ажил дээрээ очиж суух бүрт биеийн эрүүл мэнд, чийрэг болж ажлаа хийхэд сэтгэл өөдрөг сайхан болж байна. Залуусаа хамтдаа 7 хоногт 3-4-н удаа гүйж байцгаая.